The modern Dvorak Simplified Keyboard layout
Дворак(Dvorak) гарын байрлалаар бичиж сурахаар шийдээд Гацан ахаас зөвлөгөө авч урамшсандаа шууд зориглоод ажилдаа орж билээ.
Бэлтгэл ажил
Дворак байрлалаар балбадаг болохын өмнө QWERTY гарын байрлалаар шивдэг хурдаа шалгаж тэмдэглэж авч хадгалъя гэж шийдэв. Гэхдээ энэ ажлыг нэг их нүсэр болгоод яахав гэж бодоод зүгээр гялс хайж олсон веб хуудсыг ашиглав. http://www.typeonline.co.uk/typingspeed.php хаяг дээрх хурд шалгагчаар 3 удаа өөрийнхөө Англиар шивэх хурдыг шалгаж тэмдэглэж авав.
Гурван удаагийн оролдлого маань 50wpm (word per minute), 53wpm, 53wpm гэсэн үзүүлэлт гарлаа. (2010-06-16-ны байдлаар) Барагцаа, тойм байхад л хангалттай байсан тул энэ мэдээлэлийг хангалттай гэж үзэв. Дараа нь Дворак байрлалаар бичиж энэ хурдтайгаа харьцуулна даа :)
(2010 оны 9-р сарын байдлаар Дворак гарын байрлалаар шивж хурдаа шалгаж үзэхэд 50-55wpm байв)
Мөн Дворак гарын байрлал руу шилжихээр бэлтгэж байхдаа мөн өөр Colemak хэмээх гарын байрлал байдгийг мэдэж авав. Колемак нь Дворакийг бодвол сүүлд боловсруулагдсан гарын байрлал болоод ч тэрүү QWERTY-гээс шилжихэд харьцангуй хялбар, Дворакаас илүү давуу талтай гэсэн баримт, баталгаатай тааралдав. Гэсэн ч Колемак нь хэтэрхий залуухан, одоогоор маш цөөхөн хүн хэрэглэж байгаа учраас бүх комьютер, үйлдлийн систем дээр хялбархан тохируулах боломжгүй юм байна лээ. Харин Дворак гарын байрлалын хувьд [ANSI] стандартад багтсан учир орчин үеийн бүх үйлдлийн системд дэмжлэг орсон, хялбархан тохируулагддаг учраас Колемак мэтийн харьцангуй "шилдэг байж мэдэх" гарын байрлал сонгосоноос Дворакыг сонгосон нь надад хангалттайгаас гадна найдвартай гэж үзэв.
Ингээд Дворак байрлалаар нүдэж сурахаар шийдлээ. Одоо юунаас эхлэх вэ? Windows-XP дээр лав тохируулж болж байна. Харин [Үбүнтү] дээр маань
- Classic Dvorak
- Dvorak
- Programmer Dvorak
гэсэн гурван сонголт байх юм. Би "Dvorak" байрлалыг сонгосон бөгөөд энэ нь өргөн тархсан Dvorak Simplified гэдэг байрлал юм байна. Мөн Windows-XP дээр зөвхөн энэ сонголт нь л байсан! Classic Dvorak нь жинхэнэ Дворак үзэл санааг шингээсэн байрлал бөгөөд ялгагдах гол онцлог нь гар-хавтан дээрх тоонуудын байрлал нь дэс дарааллаараа биш хэрэглэгдэх давтамжаасаа хамааран эрэмбэлэгдэн байрласан байх юм.
The Dvorak Classic Keyboard layout
Суралцах үйл явц
Гарын дасгал хийдэг програмуудаас харьцуулж байгаад ktouch гэдэг програм суулгаад Dvorak - Auto Generated гэдэг хичээлийн (Lecture) дагуу 2 өдөр балбав. Ер ахиж өгсөнгүй. Нэг хоёр үсэгээ бүрэн эзэмшээд дараагийнх руугаа ордог байсан болохоор энэ удаад хэдхэн л үсэг ахив. Буруу замаар яваад байгаа юм байна гэж бодоод интернетээс жаал жуул юм уншив. Хэд хэдэн зөвлөгөө уншив. Шууд хүндэвтэр дасгал хийгээд эхэлчихсэн байж! Хайран 2 өдөр :P Анхан шатныханд зориулсан Dvorak - ABCD гэдэг хичээлийг үзэв. ktouch дотор маань энэ хичээл байсан байна. 3 дахь өдрөө өглөөнөөс авхуулж нүдсээр байгаад бүх үсэгнүүдтэйгаа танилцаад авав. Ер нь аминчлаад хэлэхэд гар үнэхээр их ядардаг юм билээ. Гацан ахын хэлсэн гараа байнга амрааж байх хэрэгтэй гэдэг зөвлөгөө ой той руу шууд л орж байв. Ерөнхийдөө бол би өглөө нэг хэсэг богино завсарлагатайгаар балбана, өдөр юм уу орой мөн богино завсарлагатайгаар нийтдээ өдөрт 2 удаа томоохон балбалт хийж байлаа. Бас хамгийн хэцүү зүйл нь өмнө нь 10 хуруугаа гар-хавтан дээр буруу байрлуулдаг байсанаа мэдэж түүнийгээ засах гэж их зүдэрсэн. Мөн хуучин QWERTY байрлалаар нүдэж дассан зуршил, рефлексээсээ хагацаж чадахгүй юм л болбол хуучин КВЭРТИ байрлал шигээ санаад үсэгнүүдээ дарсаар байв. Ингээд 3 дахь өдрөө Dvorak - ABCD курсыг дуусгачихсан учир дараа өдрүүдэд нь Dvorak - Auto Generated гэдэг хичээлийг дуусгав. Дворакт гарших дасгал хийж байх үед компьютэрээ бараг ашиглахгүй байлаа. Ашиглах гэхээр л QWERTY гарын хослолууд ашиглах болчих гээд хэд хоног хулгана гээч заваан юмтай (хулгана ашиглах дургүй болсон талаар дараа дурдана аа :D) их зууралдсан даа. За тэгээд хамгийн чухал зүйл болох гарын хослолууд (keyboard-shortcut)
Гарын хослолууд
Дөнгөж л гайгүй учрыг нь олоод гарших аядаж байсан ВИМ (VIM) дээрх гарын хослолууд нь ашиглахын эцэсгүй утгагүй санагдаад эхлэв. Гонсойсон гэж жигтэйхэн. Уг нь анх Дворак руу шилжихээр бэлтгэж байх үедээ энэ бэрхшээлийн талаар судалж үзээд даваад гарч болохоор л даваа байна гэж бодсон билээ. Гэтэл яг цаг нь болсон чинь нэг л дасаж өгдөггүй. Би хэтэрхий яараад байгаа бололтой. Өглөө босоод оролдъё. Хурууны ачаалал хэтрээд стресс вибратор ажиллаад эхэлчихсэн бололтой.
Хамгийн чухал зүйл болох код бичихэд хэр асуудал гарч байгааг шалгаж үзэхээр шийдээд 1 өдөржин C хэл дээрх код хуулж бичив. Уг нь код бичиж нэг сумаар 2 туулай буудаж болох байсан боловч заримдаа нэг сумаар нэг л туулайгаа найдвартай онох тал дээр анхаарах нь дээр байдаг гэж бодоод зөвхөн хуулж бичсэн билээ ;)
Хэд хэдэн удаа сайхан чатлав, сайхан ч гэж дээ латинаар галиглаж бичсэн болохоор мэссэнжэрт мөлхөж өглөө шүү дээ. Нэг сайхан sonin yu bna daa гэж бичээд л таг :P
Ер нь эцэст нь хэлэхэд асуудал Дворак гарын байрлалд биш дассан зүйлээсээ тас зуурчихсанд л байсан юм билээ. Шинэ юманд дасах гэж зовох, зовж чармайж өөрийнхөө ягштал хуучирч байсан зуршлаа нэг гөвөөд авах сайхан л юм. Энд тэнд хүмүүсийн бичсэн эхний 14 хоног л ёстой хэцүү байсан гэдэг үнэний ортой л юм байна лээ.
КВЭРТИ-тэй харьцуулахад гол үндсэн зориулалт нь өөр болохоор ч тэр үү хэд хэдэн зүйл анзаарав.
- КВЭРТИ-дээр код бичих үед олон тохиолдолд баруун гар зүгчиг, home-delete юм уу хулгана хавьцаа байдаг учраас нэг гараар ихэнх хослолуудыг дарчихдаг байсан юм байна. Тухайлбал Ctrl+C,V,Z
- Харин Дворак дээр аль болох бүх зүйл дээр хоёр гар зэрэг оролцдог учраас зарим нэг гараар дарчихдаг байсан гарын хослолуудыг хоёр гараар дарах гэхээр эхэндээ дасахгүй байдаг байсан боловч удалгүй тэрэндээ дасчихсан нь бүүр ч аятай таатай сэтгэгдэл төрдөг болов. Тухайлбал QWERTY дээр би ВИМ ашиглахдаа ESC товчлуур холдоод байдаг учраас Ctrl+C товчны хослолыг ашиглах гээд ер дасаж өгөхгүй байсан бол Дворак дээр Ctrl+C товчны хослолыг дарахад маш хялбар байдгаас ВИМ дээр ESC товчлуур руу бараг сарвайхаа болисон шүү.
- Дварокт ид шамдаад гарын хослолуудыг яаж шийдэх вэ гэж бодож байхдаа ихэнх програмуудын shortcut-ууд QWERTY-д зориулагдсан ЭРГОНОМИК-той байдаг байх гэж бодож өөрийнхөө гонсойж байгаад зөвтгөж байсан удаа байсан. Тэгтэл тэр нь тийм биш болж таарсан.

0 comments:
Post a Comment